Цахилгаан тээврийн дараагийн сорилт

Цахилгаан автомашин дэлхий даяар тээврийн ирээдүй хэмээн яригдаж, хурдан цэнэглэх станцууд хотуудын салшгүй хэсэг болж байна. Дэлхий нийтэд “15–30 минутын цэнэглэх” нь цахилгаан машины гол давуу тал мэт сурталчлагддаг. Гэвч Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) болон Европын Тээврийн бодлогын судалгааны байгууллагуудын тайланд дурдсанаар бодит сорилт нь хурд биш, харин түүнийг даах дэд бүтэц байгаа юм.

Хурдан цэнэглэх нь нэг дор асар их цахилгаан татдаг. IEA-ийн мэдээлснээр нэг хурдан цэнэглэх станцын ачаалал жижиг супермаркеттай дүйцэх хэмжээтэй аж. Хотын хуучин цахилгаан сүлжээ ийм огцом ачааллыг тогтвортой даахгүй байх тохиолдол элбэг бөгөөд хүчдэлийн уналт, цахилгаан тасалдал үүсгэх эрсдэлтэй.

Энэ асуудал Монголын нөхцөлд илүү хүнд тусахаар байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод цахилгаан тасалдах, ачаалал хэтрэх тохиолдол нэмэгдэж, өвлийн оргил үед хэрэглээг хязгаарлах шийдвэрүүд ч гарсан. Одоо байгаа цахилгаан сүлжээ нь нэмэгдэж буй хэрэглээг арай ядан дааж байгаа энэ үед хурдан цэнэглэх станцууд олноор нэмэгдэх нь ачааллыг улам өсгөх эрсдэлтэй. Ялангуяа орон сууц хороолол, шинэ хотхонуудын орчимд нэгэн зэрэг олон автомашин хурдан цэнэглэвэл тасалдал үүсэх магадлал бодит асуудал юм.

Мөн Дэлхийн банкны зарим судалгаанд хурдан цэнэглэх дэд бүтцийн суурилуулалтын өртөг өндөр байдгийг онцолжээ. Зөвхөн төхөөрөмж бус, станц шинэчлэх, кабель татах, газар ашиглалтын зөвшөөрөл зэрэг нь нийт зардлыг нэмэгдүүлдэг. Үүний улмаас цэнэглэх станцууд ихэвчлэн хотын төвд төвлөрч, алслагдсан бүсүүд хоцорч үлддэг.

Нэмж хэлэхэд, автомашин үйлдвэрлэгчид (Tesla, Volkswagen зэрэг) хурдан цэнэглэлтийг байнга ашиглах нь батарейн насжилтад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсаар ирсэн. Энэ нь хэрэглэгчдэд урт хугацаанд засвар, солих зардал нэмэгдэх эрсдэлтэй.

Иймээс тогтвортой тээврийн тухай ярихад зөвхөн “илүү хурдан” бус, харин цахилгаан сүлжээ, хот төлөвлөлт, хэрэглээний дадалтай уялдсан бодлогыг хамтад нь харах нь хамгийн чухал болж байна.


Эх сурвалж:

BloombergNEF – Цахилгаан тээвэр, эрчим хүчний сүлжээний ирээдүйн чиг хандлагын тайлан.

International Energy Agency (IEA), Global EV Outlook – Цахилгаан автомашин, хурдан цэнэглэх станцуудын ачаалал ба цахилгаан сүлжээнд үзүүлэх нөлөөллийн талаарх тайлан.

World Bank, Electric Mobility and Charging Infrastructure – Цахилгаан тээврийн дэд бүтцийн зардал, хот ба хөдөө бүсийн ялгааны судалгаа.1


Total
0
Shares
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous Post

Хиймэл оюун ухаан байгальд ээлтэй байж чадах уу?

Related Posts