Өчигдөр буюу 9 сарын 3-ны өдөр Орос улсын Москва хотод анхны жолоочгүй трамвай албан ёсоор тээвэрт оролцож эхэлжээ. Хотын баруун хойд хэсэгт буюу №10 чиглэлд явах уг трамвайн шийдэлд Оросын технологийн томчууд болох Yandex, Sber компаниуд оролцож гадны ямар нэг тусламж дэмжлэггүйгээр дотооддоо 100% бүтээсэн гэж мэдээллээ.

Уг трамвайн хоёр дахь шатны туршилтыг өнгөрсөн оны 09 сард эхэлсэн байдаг бөгөөд тэр цагаас хойш сайжруулагдсаар, үйл ажиллагаанд ашиглах зөвшөөрлөө авсанаар ийнхүү тээвэрт явж эхэлж байна. Туршилтын хугацаанд нийтдээ 8 мянга гаруй км зам туулсан ба энэ хугацаанд ямар нэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, осол аваар хийсэн тохиолдол гараагүй байна.

Одоогоор трамвайн кабинд мэргэжилтэн сууж явах бөгөөд шаардлагатай бол жолоодлогын хяналтыг гартаа авч ажиллах гэнэ. Цаашид Москва хотын захиргаа энэ ондоо багтаж нэмэлтээр гурван жолоочгүй трамвайг тээвэрт явуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.